Дахин сонгууль боллоо ч Н.Энхбаярын санаархал хоосон хоцорно

2017 оны 07 сарын 03
Дахин сонгууль боллоо ч Н.Энхбаярын санаархал хоосон хоцорно

Амралт зугаалгын улирал эхэлж буй эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгууль сунжирч хэн хүнгүй л сонгуулийн тухай ам уралдан ярьцгааж байна. Дахин санал хураалт ирэх баасан гаригт буюу  7-нд болно. Хоёр намын нэр дэвшигчдийн аль нэг нь  заавал 50+1 хувийн санал авч байж дараагийн Ерөнхийлөгч тодрох учиртай. Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцсон сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч байж санал хураалт хүчин төгөлдөр болно. Иймд хоёрдахь шатны саналыг хүчинтэй болгохын тулд иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож дээрх саналыг бүрдүүлэх болохоо ухамсарлах хэрэгтэй.  

Тэгвэл та бидний сонгосон Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд юу хийх вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын ерөнхийлөгч дараах бодит болон бэлэг тэмдэгийн эрх мэдэлтэй. Үүнд: 

1. Монгол улсын ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Энэ нь ерөнхийлөгчийн  бодит эрх мэдлийн нэг  юм.

2.Сонгуульд ялалт байгуулсан нам хүчин, эвсэлтэй зөвшилцөн Ерөнхий сайдыг томилно. Энэ бол ерөнхийлөгчийн бэлэгдлийн эрх мэдэл. 

3. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй.

4. Гадаад улс орнуудад монгол улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй. Мөн УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

5. Монгол улсаас гадаад улсуудад сууж элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг УИХ-тай зөвшилцөх ёстой байдаг.

6. Монгол улсад суух гадаадын элчин сайд нарыг итгэмжлэх хүлээн авах, эргүүлэн татах эрхтэй.

7. Улсын цол хэргэм, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй.

8. Уучлал үзүүлэх

9. Монгол улсын харьяат болгох, харьяатаас гаргах, монгол улсад орогнох эрхийг олгох эрхтэй.

10. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэх эрхтэй.

11. Бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах эрхтэй.

12. Улсын нутаг нийт дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, мөн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй. Гэхдээ Онц буюу дайны байдал зарласан ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална.

13. Ерөнхийлөгч улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч.

14. Ерөнхийлөгч УИХын чуулганд  өөрийн тааллаараа оролцох эрхтэй.

 

    

 

 Энэ удаад  хэрэв ирц хүрэхгүй бол...

  Сонгуулийн тухай хуулийн 106.1-т “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалтад оролцсон хүмүүс дахиж санал өгөхгүй, харин санал өгөөгүй хүмүүсийн дунд дахин санал хураалт явуулна.  Ингэж санал хураалтад оролцсон сонгогчдын санал дээр нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын саналыг нэмж санал хураалтын нэгдсэн дүнг гаргах аж. Гэвч  долоодугаар сарын 7-нд дахин санал хураалтаар ирц хүрэхгүй бол дахин сонгууль болно гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа юм. Энэ ч үүднээс нэр бүхий намын зүгээс дахин санал хураалтыг хүчингүй болгож цагаан сонгуулийн хувьсгал хийхийг уриалаад буй. 2013 оны 6-р сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 13,688 сонгогч буюу нийт сонгогчийн 1.1 хувь “Санал огт тэмдэглээгүй саналын хуудас” өгч байсан бол энэ оны 6-р сарын 26-ны өдрийн санал хураалтад  18,663 сонгогч  хоосон саналын хуудас өгсөн тоон мэдээлэл гарсан.  

 

Хэрэв дахин сонгууль болбол  МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжтой юу? 

  Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй бол Үндсэн хуулийн 31.6-д зааснаар дахин сонгууль явуулна. Ингэхдээ УИХ-д суудал бүхий гурван намууд өөр хүн нэр дэвшүүлнэ. Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй гэж Сонгуулийн тухай хуулийн 13.2-т заасан байдаг. Өдгөө цагаан сонгууль явуулахыг уриалаад буй МАХН-ын удирдлагууд дахин сонгууль болбол намын дарга нь нэр дэвших боломж бүрдэж байгаа хэмээн үзэж байгаа юм.  Учир нь түүний нэрийг өмнө нь дэвшүүлсэн ч хэд хэдэн шалтгаанаар СЕХ нэрийг нь бүртгэхээс татгалзсан байдаг. Тодруулбал, Н.Энхбаяр Хил хамгаалах албаны тодорхойлолт ирүүлээгүй”, “ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй”, “тасралтгүй 13 сар 25 хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгээгүй.

Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж. Дахин сонгууль болбол МАХН-ын дарга  Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй юм. Түүний ялтай хугацаа нь дуусгавар боллоо гэхэд  Сонгуулийн тухай хуулийн 139.5-ийн дагуу эх орондоо байнга оршин суугаагүй буюу анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар эх орондоо байгаагүй хүнийг хэлдэг аж.

Тэгвэл Н.Энхбаярын хувьд  2013 оны 8-р сарын 13-ны өдрөөс 2014 оны 10-р сарын 9-ний өдрийн хооронд буюу “тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэж  үзээд Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан байдаг. Тиймээс, дахин сонгууль болбол  энэ заалт нь мөн л хүчинтэй. Иймд  МАХН-д өөр хүний нэр дэвшүүлэхээс өөр сонголт үгүй.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх