Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл Зөрчлийн хуулиар ингэж шийтгэнэ

2017 оны 07 сарын 06
Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл Зөрчлийн хуулиар ингэж шийтгэнэ

Өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Өмнө нь Замын цагдаагийн алба хаагчид жолоочийн хариуцлагын даатгалаа төлөөгүй жолоочийг хяналт шалгалтаар илрүүлээд, арга хэмжээ тооцдог байсан бол хуулийн шинэ зохицуулалтаар бичиг баримтыг шууд хурааж авна. Улмаар захиргааны арга хэмжээ тооцохоос гадна даатгалыг нь төлүүлэх арга хэмжээ авах аж.  

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулдаг байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх болгонд торгуулийн хэмжээ хэлбэлздэг тул Зөрчлийн тухай хуулиар энэ шийдвэрийг нэгжид шилжүүлсэн байна. Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх юм. Ингэснээр зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах юм. 

Түүнчлэн баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх болон жирэмсэн эмэгтэйчүүдийг нэг хоногийн 15 нэгжээр тооцож, баривчлахгүй байхаар Зөрчлийн хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 15 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг.  Харин зам тээврийн осол нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний биш байвал 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм байна.

Харин согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж хөдөлгөөнд оролцсон тохиолдолд нэг жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Үүний зэрэгцээ албадан сургалтад хамруулахаар болжээ. Зөрчлийн тухай хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл 30-40 хувиар буурсан гэдгийг Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлж байна.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх