Г.Тэмүүлэн: Засаг огцрох болгонд Монгол Улс хожиж байсан уу гэвэл үгүй

2017 оны 09 сарын 06
Г.Тэмүүлэн: Засаг огцрох болгонд Монгол Улс хожиж байсан уу гэвэл үгүй

УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад байгаа. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой байлгах, МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх ёстой гэсэн тогтоол гаргаад байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс  зарим зүйлийг тодрууллаа. 

-Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байна?

-Засгийн газрыг огцруулах эсэх асуудал нь өөрөө их эмзэг. Учир нь ард түмний эрх ашигтай шууд холбоотой. Улс орны цаашдын ирээдүйтэй ч холбоотой. Засаг огцрох болгонд Монгол Улс хожиж байсан уу гэвэл үгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, ард түмэн, аж ахуй нэгж гээд бүгд Засгийн газар, эрх зүйн орчин тогтвортой байгаасай л гэж хүсдэг. Тиймээс энэ бүхэнд нийцүүлж шийдвэр гаргах ёстой. Засгийн газарт хариуцлага тооцох асуудал байгаа бол зөвхөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаар нь тооцож огцруулна гэвэл дэндүү өрөөсгөл, туйлширсан асуудал болно. Засгийн газрын ажил үргэлжлэх ёстой. 

-МАН-ын бүлэг нийтээрээ хэлэлцэж, шийдэж шийдвэр гаргаж явчихаад одоо гэнэт Засгийн газар буруу ажиллалаа хэмээн огцруулах бичиг өргөн барьсаныг шүүмжлэх иргэд ч байна?

-Засгийн газар, УИХ хоёрын үйл ажиллагааг салгаж ойлгох боломж байхгүй. Тэр дундаа 65-ын бүдүүн бүлэгтэй УИХ бол Засгийн газрыг өөрсдөө байгуулсан. Засгийн газраас явуулах үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, бодлого чиглэл бүх зүйлийг нь бүлэг гаргаж өгч байгаа. Тэгэхээр энэ салшгүй холбоотой асуудал юм. Хэрвээ хариуцлага үүрэх ёстой гэж байгаа бол 2-уулаа л хариуцлага үүрэх ёстой. 

-Засгийн газрыг огцруулах үндэслэлийг та хэрхэн харж байна вэ?

-Үндэслэл, тооцоо, судалгаа хэтэрхий муу. Асуудалд хөнгөн хандсан юм уу даа гэж харсан. Засгийн газрыг огцрууллаа гээд цаашид гарах үр дүн нь юу байх юм, эдийн засаг хэрхэх бол гэдгийн нэлээн сайн тооцож, нарийн харж байж тавих ёстой байсан асуудал байх даа. Хэтэрхий яарсан юм уу даа. 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх