НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЧЭЭ

2019 оны 05 сарын 25
НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЧЭЭ

Дорноговь аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцжээ.

Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол энэ сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

27 км урт уг замын газар шороо, далангийн ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажилласан бол “Улаанбаатар төмөр зам” ХНН хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн өгсөн мэдээллээр энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болохоос гадна зүүн тийш үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна.

 

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх