“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа

2019 оны 09 сарын 21
“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн харьяанд эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч “Багануур”, “Шивээ-Овоо” гэсэн хоёр компани байдаг. Төвийн болон аймаг, орон нутгийн дулаан, цахилгааны станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг эдгээр гол уурхайнуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх уурхайнуудад очиж ажиллав. Түүнтэй хамт ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, Ц.Батсайхан, ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар ажилласан юм.

Олон жил маргаан дагуулсан “Багануур” ХК-ийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн эсэх тухай маргаан эцэслэн шийдэгдэж, төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх бүртгэлийн  ажлыг энэ удаа хийж дуусгав. 2012 оны 10 дугаар сарын 23-нд АМГ-ын даргын 615, 616 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байж. Уг компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж авсан асуудалтай холбоотой “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн охин компани “Монголын нүүрс” компанийн  гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийг эзэмшилд байсан аж. Үүнээс үүдэж  “Багануур”-ын уурхайн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Тиймээс энэ асуудлыг хууль бус гэж үзэн Засгийн газар анхааралдаа авч ажилласан бөгөөд энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүх уг маргааныг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн юм. Дээд шүүхийн мөн өдрийн 102 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уурхайн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг  холбогдох газруудад даалгасан юм. “Багануур” ХК-ийн лицензийг төрд буцаах шүүхийн шийдвэр гарсан учраас энэ дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүртгэлийн ажил хийгдэж дуусч байгаа юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх