“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН МЭДЭЭЛЭЛ ГАРГАЛАА

2020 оны 04 сарын 01
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН  МЭДЭЭЛЭЛ ГАРГАЛАА

Улс орон даяар нөхцөл байдал амаргүй байгааг та бид мэдэж байна. Коронавирусын тархалт манай улс оронд ч аюул дагуулж, тэр дундаа Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр аюул хүндрэл дагуулж байна. Дэлхий дахинд нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч энэ бүхэнд тэвдэж сандралгүйгээр, эвтэй найртай, нэгнээ дэмжиж, бүтэн ойлголцох хэрэгтэй байх. Амаргүй нөхцөлд үйлдвэрлэлээ яаж явуулж, ажлын байраа хэрхэн хадгалж, эдийн засаг үйлдвэрлэлийнхээ хүрсэн түвшинг цар тахлын үед яаж хадгалж үлдэх вэ, тахлыг даган бий болж байгаа эдийн засаг, санхүүгийн хямралыг хамтын хүчээр яаж даван туулах вэ гэсэн олон асуудал байна. Ярьж хөөрөх, санал бодлоо хэлэлцэх боломж хязгаартай байгаа тул бид хэвлэл мэдээллийнхэнд хандан, энэ нөхцөлд илүү нягтарч, хамтарч ажиллахыг хүсэж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ амаргүй нөхцөлд яаж зохицон ажиллаж байгаа, цаашид хэрхэх талаараа товч мэдээлэл хийе гэсэн юм.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Тиймээс бид 2019 оны үйл ажиллагааныхаа талаар товч мэдээлэл өгөх нь зөв байх. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн, жигд явагдаж байна. Цаашид ч энэ хэвээр ажиллуулна. Энэ бүхэнд уурхайчид төдийгүй Эрдэнэтчүүд маань эргэлзэхгүй байж болно. 2019 онд хийсэн гол ажлын нэг нь геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсэн явдал байлаа. Сүүлийн 3 жилд буюу 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи, хайгуулын ажил хийж, үр дүнд нь үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр уртасгаж чадсан. Энэ эрчээрээ Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллах боломж нөхцөл бүрдсэн. Буянтай буурал уул жилээс жилд доожилын минь уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч байна. Тэр ч аргагүй юм. Хүдэр дэх зэсийн агуулга жилээс жилд доошилж, уурхай гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл хүндэрч, өртөг зарлыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл болж байна. Уурхайчид, инженерүүдийн оюун ухаанаар энэ бүхнийг даван туулах ёстой. Үйлдвэрлэлийн болоод эдийн засгийнхаа хамгийн ашигтай хүрсэн түвшинг хадгалахын тулд үйлдвэрлэлээ өсгөх, хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага гарч байна. 2019 онд түүхэндээ хамгийн их хүдэр олборлож, олборлолтоо 37 сая тоннд хүргэн, түүхэндээ хамгийн их буюу 32 сая хүдэр боловсрууллаа. Мөн өнгөрсөн онд Дулааны цахилгаан станцынхаа суурилагдсан хүчин чадлыг бүрэн эзэмшиж, үйлдвэрийнхээ нийт эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг дотоодоосоо ханган, төвийн эрчим хүчний системийн найдвартай хэвийн ажиллагааг хангахад Эрдэнэт үйлдвэр өөрийн хувь нэмрийг оруулж байна.

Өнгөрсөн 2019 он хөрөнгө оруулалтын жил байсан. Тус онд 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажлаа эхлүүлсэн бөгөөд түүнээс 260 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, зарим тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Үр дүнд нь бид цех, нэгжүүдээр авч үзэхэд дунджаар 10-20 хувийн элэгдэж хуучирсэн тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ажиллагааны түвшин дээшилсэн гэж ойлгож болно.

Эрдэнэт үйлдвэрт хуримтлагдсан асуудлууд бий. Бид асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Ялангуяа, худалдан авалттай холбоотой амаргүй асуудлуудаа цэгцэлж, цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр худалдан авах ажиллагаа ил тод, нээлттэй болсныг та бүгд мэднэ. Эрдэнэт хотын ард иргэд, Монгол улс даяар энэ талын үнэн зөв, бодит мэдээллийг та бүхнээрээ дамжуулан хүргэж байгаа гэж ойлгож байна. Худалдан авах ажиллагаа нэлээд цэгцэрсэн. Бүгд хуулийн дагуу, зохих дүрэм, журмын хүрээнд явагдаж байна. 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхэлсэн. Хийх ажил нь, үр дүн нь тодорхой болсон. Өнгөрсөн онд анхны үр дүн гарч, зөвхөн худалдан авалтын үйл ажиллагаанаас 65 тэрбум төгрөг хэмнэж чадсан. Цаашид энэ ажил үргэлжилнэ.

Мөн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалаа бид борлуулж байна. Олон улсын хэм хэмжээгээр энэ үйл ажиллагаа явагддаг. Бид экспортын гэрээний нөхцөлөө боловсронгуй болгох чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна. 2017-2019 онд гэрээний нөхцөлөө сайжруулснаар 18.5 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Энэ нь бидэнд томоохон боломжийг олгож байна. 2019 он түүхэн жил болж ард үлдсэн.

Учир нь бид, түүхэндээ хамгийн их буюу 2.2 их наяд төгрөг төвлөрүүлж, тэр хэрээр улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг өгсөн. Гааль, эрчим хүч, төмөр замын төлбөрөө оруулбал нийтдээ 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлж чадсан.

2019 оны бидний гол амжилт бол гадаад дотоодын аливаа банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон. Өөрөөр хэлбэл бид, гадаад дотоодын аль ч банк санхүүгийн байгууллагад өр зээлгүй. Энэ нь өнөөдрийн хямралын үетэй нүүр тулахад бидэнд зохих ёсны бэлтгэл боллоо. Олон жил яригдсан “Балхашмыс” компаниас 20 сая ам.доллараа авсан. Энэ мөнгө хямралын жилүүдэд бүтээн байгуулалтаа хийж, хямралт байдлаас гарахад далайд дусал нэмэр болж байна. “Стандарт” банкны өрийн тухайд 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх Олон улсын Шүүхийн шийдвэр гарсан. 2013 оноос яригдсан энэ асуудал 2019 оны эхэн үе гэхэд өр төлбөрт 120 сая ам.долларын түвшинд очсон. Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Стандарт банк өр төлбөрөө нэхэмжилж, биднийг эдийн засаг санхүүгийн амаргүй байдалд оруулсан. Хязгаарлалт хийх, улмаар үйлдвэр доголдох, Эрдэнэт үйлдвэр хэвийн жигд ажиллах боломжийг алдагдуулахаар аюул нүүрлэсэн байсан. Бидэнэ эрсдлийг зайлуулж чадсан. Ингэхдээ 120 сая ам.долларыг 40 сая ам.доллар болгож бууруулан төлсөн. Гадаад талдаа асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Одоо дотооддоо хуулийн байгууллагынхны туслалцааг авч, буруутай этгээдүүдээс 40 сая ам.доллараа олж авах үлдсэн.

Эрдэнэт үйлдвэрийн өдөр тутмын ажилтай холбоотой олон зүйлийг танилцуулж болох ч товчлоё. Хамгийн гол нь өнгөрсөн онд хүн рүүгээ чиглэсэн бодлого эрчимтэй хэрэгжсэн. Үр дүн гарсан гэж бодож байна.

Эрдэнэт үйлдвэр 2017-2019 онд ажилчдынхаа цалинг 45 хувиар нэмэгдүүлж, дундаж ажилтны цалин 2.9 сая төгрөг болсон

Энэ нь уурхайчны гэр бүлийг хямралын үед боломжийн орлоготой байхнөхцөл боломжийг бүрдүүлжээ гэж өнөөдөр бид харж, дүгнэж байна.

Орлогч нар, газар хэлтсийн дарга нараараа багаа хязгаарлахгүй. Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилтан миний багийн гишүүд, хамтран зүтгэгчид. Тиймээс вирусын тахал дэгдсэн, түүний уршгаар бий болсон эдийн засгийн хямралын үед бид хамтын оюун ухаан, эв нэгдэлтэй, цех нэгж бүр эмх цэгцтэй, зохион байгуулалттай байж гэмээнэ эрсдлийг зайлуулж, хамт олноо, үйлдвэрээ хамгаалах ёстой гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.

Коронавируст цар тахлын хэмжээ газар авсан ийм нөхцөл байдалд бид яаж ажиллах ёстой нь чухал. Тархалттай уялдан дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унаж байна.

Тухайлбал, нэг тонн зэсийн үнэ бидний төлөвлөснөөс 1300 ам.доллараар уналаа.

Тонн тутамд ингэж алдах нь үйлдвэрийн төдийгүй улс орны эдийн засагт нүүрлэж байгаа гамшиг, аюул юм. Бид ийм нөхцөлд яаж ажиллах арга замаа сүвэгчилж, зохион байгуулалтад орсон. Цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас яаж амжилттай гарах вэ гэдэг ажлууд хийгдэж байна. Бид үйлдвэрийнхээ хэмжээнд Төв штаб байгуулсан. Тус штаб нь 4 салбар штабтай бөгөөд Т.Батмөнх захирлын хувьд үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн жигд үйл ажиллагааг хангах, Д.Үүрийнтуяа захирлын хувьд санхүү, эдийн засгийн амаргүй нөхцөлд санхүү, эдийн засгаа яаж чиглүүлэх, ямар бодлого явуулах ёстойг хариуцан ажиллаж байна. Коронавирусын тархалтын, эдийн засгийн хямралтай үед бүх бодлого ажиллагааны төвд хүн байх ёстой. Тэр утгаараа нийгмийн чиглэлийн, нийгмийн цехүүдий үйл ажиллагаа энэ нөхцөл байдалд яаж явах ёстойг Д.Дэлгэрбаяр захирал ахалж ажиллаж байна.

Та бүхэн мэднэ. Эрдэнэт үйлдвэр 2031 он хүртэл өөрийгөө хөгжүүлэх үндсэн чиглэлтэй болсон. 2019 онд Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жил хийгдээгүй ажлыг хийсэн. У.Хүрэлсүх сайдын ахалсан Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж, үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжсэн. Эрдэнэт үйлдвэр тухайн бүс нутагтаа яаж зохицож, өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой вэ гэдгийг бидэнд тод томруун тодорхойлж өгсөн. Энэ бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид талархах учиртай.

Энэ ажлын хүрээнд, Засгийн газраас гаргасан 2019 онд гаргасан 224 дүгээр тогтоолын хүрээнд томоохон төслүдийг хэрэгжүүлнэ. Хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлахгүй.

Хийх ажлаа эргээд орлого өгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдийг зогсоохгүй. Тэдгээр томоохон төсөл хэрэгжүүлэх штабыг П.Энхбат захирал хариуцан ажиллаж байгаа юм. Цаашдаа манай үйлдвэрийн дээр дурьдсан 4 чиглэлийн ажлыг Төв штаб болон миний бие, Төв штабын нарийн бичгийн дарга Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хариуцна.

Штаб байгуулдаг нь өмнө ажилладгаас илүү шуурхай ажиллахыг хүсэж эрмэлзэж байгаагийн нэг хэлбэр бөгөөд цаг үе, нөхцөл байдал ч үүнийг шаардаж байна. Тиймээс илүү үр бүтээлтэй ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Штабууд өөр өөрийн хариуцсан чилэлээр цаг үеийн байдал, ажлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай арга хэмжээ аван ажиллах юм. Бид яаж ажиллах төлөвлөгөө, хөтөлбөрөө гаргасан. Бидний хөтөлбөр, төлөвлөгөө Эрдэнэт үйлдвэрийн өнөр бүл, хамт олныг, юуны өмнө уурхайчдаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. Хоёрдугаарт, уурхайчны гэр бүлийг эрсдлээс хамгаалахад чиглэнэ. Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн 10-аад мянган хүнийг хамгаалахад чиглэнэ. Дөрөвдүгээрт, бид халдвараас урьдчилан сэргийлэхэд Эрдэнэт хот, Эрдэнэтийн ард иргэдэд тус дэм болохын төлөө ажиллана. Тавдугаарт, коронавирус газар авсан энэ үед Монголынхоо ард түмэнд тусалж, улс, орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд урьдын адил жинтэй хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Үүнд чиглэсэн хөтөлбөртэй, цаг хугацаатай, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үйлдвэрээ гарз хохирол багатай авч гарахын тулд үнийн 6 хувилбараар тооцоо гаргасан. 4 дүгээр сарын 1 үе шаттай хэрэгжинэ.

 Коронавирусын тархалтын эрсдэл зогсож, айж эмээх зовлонгүй болох хүртэл, зэсийн ханш эргэж өсөөд ядаж нэг тонн нь 6000 ам.долларт хүрэх хүртэл бид тогтоосон дэг журмаараа ажиллах болно. Өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг доголдсон зүйл байхгүй. Бүх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Тухайлбал, нэгдүгээр улирлын дүн гарлаа. Үйлдвэрийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-107.8 хувиар биеллээ. Үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагаад эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч дажгүй сайн түвшинд байна. Хүндрэлтэй нөхцөл байдалд, ялангуяа коронавирусын тархалтаас болж гадаад харилцаанлд доголдол үүсч, бараа таваар цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүй байна. Аливаа зүйлийг хүний оюун ухаан, үйл ажиллагаагаар явулж байгаа хэдий ч хорио цээр саад болж байна. гэхдээ 2020 оны нэгдүгээр улиралд үйлдвэрээ ямар нэг сааталгүй авч гарч чадлаа. Үйлдвэрийн үзүүлэлт ч өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. 2020 оны нэгдүгээр улиралд бид улс, орон нутгийн төсөв 150 мянга гаруй төгрөг төвлөрүүлж чадлаа.

Цаашдаа аль болохоор үйлдвэрлэлээ жигд явуулахын төлө байна. ингэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ажиллагсдынхаа цалин хөлсийг бууруулахгүй, аль болох ажлын байрыг хадгалж гарах ёстой. Ажилчид маань ч амгалан тайван ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх ёстой. Харин бидэнд анхаарах ганц зүйл нь хариуцлагын асуудал байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага сүүлийн 3 жил эмх цэгц, ажилтан бүрийн хариуцлага, сахилга, дэг журмыг өндөр түвшинд авч үзэж ажиллаж байгаа. Мөн өнөөгийн нөхцөлд төдийгүй тасралтгүй үйл ажиллагаатай дэлхийн хэмжээний үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудад ёс зүй чухал юм. Ажилтан бүр зөв байх ёстой. Нөгөө талаас эв нэгдлээ эхэмлэн ажиллах зүй ёсны шаардлага бий. Үүссэн нөхцөл байдалд сахилга, дэг журам, ажлын хариуцлага улам өндөр түвшинд байх ёстой. Ингэж байж ажилтан хүн өөрийгөө, хамт олон үйлдвэрээ аварна. Эрдэнэт үйлдвэр сайн ажиллаж байж Эрдэнэт хотыг энэ эрдслээс хамгаална. Эрдэнэт үйлдвэр сайн ажиллаж байж улс орон, ард түмнээ эрдсэлтэй нөхцөл байдлаас, эдийн засагт нүүрлэсэн хямралт байдлаас гарз хохирол багатай гарч, хамгаалж чадна гэж ойлгож байна. Ийм зарчмаар ажиллаж байгаа, цаашид ч ингэж ажиллана.

2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил.

Түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Бид хөрөнгө оруулалтыг 830 тэрбум төгрөг байхаар баталсан төлөвлөгөөтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр 2020 оныг шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна. бид өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэлээ хэвийн, жигд явуулж, үр ашгаа нэмэгдүүлж, болзошгүй эрсдлээс хамгаалах хуримтлал бий болгосон учраас нэг их тэвдэх зүйлгүй байна. Гэхдээ нөхцөл байдал амаргүй. Бид бий болгосон боломжоо алдахгүй байх, сулруулахгүй байхын төлөө цаг наргүй ажиллаж байгаа гэж хэлж болно. Монголчууд хэлдэг. Хамгийн гол зүйл бол аюултай өвчний дэгдэлтээс хүн бүр өөрийгөө, айл бүр гэр бүлээ, хамт олон өөрсдийгөө хамгаалж байж давж гарах болов уу гэж бодож байна. үүний төлөө ч ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хамт олны хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлыг хамт олонд маань, уурхайчин бүрт хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагынхан тус болж байдагт талархаж байна. энэ нөхцөл байдалд бид аль болох цахим байдлаар ажиллах, онлайнаар зөвлөгөөн хийх асуудал чухал байна. саяхан захирлын зөвлөлийн хурлаа онлайнаар хийлээ. Ер нь ширээний ард суугаад хуралддагаас ялгаагүй болсон. Бидний ярьж хөөрсөн, цахим байдлаар явж байга ажлыг маань гэр орондоо байгаа уурхайчид, тэдний гэр бүлд хүргэхэд, Эрдэнэт хотын ард иргэдэд, Монголын ард түмэнд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд маань харилцан бие биенээ ойлгож, сайхан хамтарч ажиллахыг хүсэж байна. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ ажиллавал болохгүй бүтэхгүй зүйл, шийдэж чадахгүй тулгамдсан асуудал байхгүй гэж Эрдэнэт үйлдэрийн удирдлага ойлгож байна. Манай хамт олон ч гэсэн ийм зарчимтай, уур амьсгалтай ажиллаж байгааг тэмдэглэн хэлье. Цаг зав гарган бидний санал бодлыг хуваалцаж, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгэлээсээ хамтран ажиллаж байгааг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон цаг ямагт санаж ажиллана. Энэ тус дэмийг мартахгүй.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх