ХАРМАГТАЙН ОРДЫН 53,1 ТОНН АЛТЫГ УЛСЫН НӨӨЦӨД БҮРТГЭЛЭЭ

2021 оны 01 сарын 28
ХАРМАГТАЙН ОРДЫН 53,1 ТОНН АЛТЫГ УЛСЫН НӨӨЦӨД БҮРТГЭЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 30-ны лхагва гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

21 аймгийг халдваргүй бүс болголоо

Мэргэжлийн байгууллагууд коронавируст халдварын салбар дундын 18 дахь шатны эрсдлийн үнэлгээг хийж, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахал хүн амын дунд тархах эрсдэл “өндөр” гэж үнэлжээ. Иймд хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дараах дэглэмийг хэрэгжүүлэх саналыг УОК-оос гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэлээ.

Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдэж байна. 

Монгол Улс гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан хугацаанд дэлхийн 93 улсаас 27,763 иргэнээ зохион байгуулалттайгаар татан аваад байгаагийн 21,126 нь тусгай үүргийн нислэгээр 6637 нь автозамын боомтоор нэвтрүүлжээ.

Цаашид хилийн боомтуудын хорио цээрийн дэглэмийг хэвээр мөрдөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бараа, ачаа тээврийг нэвтрүүлж, тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэнэ.

Мөн өдөр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбогдон гарсан нэмэлт зардалд шаардагдах 1,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүнийг нийтийг хамарсан түргэвчилсэн болон PCR шинжилгээний зардал, тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилчдын халдвар хамгааллын хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлд болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан эмч, сувилагч ажилтнууд, илүү цагаар үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, нийтийн хэв журам сахиулах цагдаа, дотоодын цэргүүдийн урамшуулал, дэмжлэгт тус тус зарцуулах аж.  

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна.

Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Томилгоо

-       Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар Ханджавын Батжаргалыг, дэд даргаар Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилов.

-       Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар  томилов.

Товчоор

-        “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэв.

-       Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43,6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих юм.

-       “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.