ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭНЭ САРЫН 23-НААС БИЗНЕСИЙН САЛБАРУУДАА НЭЭЖ, ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛНЭ

2021 оны 02 сарын 15
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭНЭ САРЫН 23-НААС БИЗНЕСИЙН САЛБАРУУДАА НЭЭЖ, ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.  

"Нэг хаалга-Нэг шинжилгээ":

Энэ сарын 11-нд 46,202, өнөөдөр буюу 12-нд 35,805 өрхөд шинжилгээ хийхэд хоёр хүнээс батлагдсан тохиолдол илэрсэн учир тандалт хийж байна. Энэ хурдаар шинжилгээ авна гэж тооцоход зургаан өдөрт дуусгах боломжтой ч лабораториуд хоногт 40 мянган сорьц баталгаажуулах хүчин чадалтай юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн өмнөх хоёр өдөр төрийн байгууллагын 62 мянга гаруй албан хаагчид PCR шинжилгээ хийхэд эерэг тохиолдол гараагүй байна.